Search This Blog

Friday, July 22, 2011

БУЛТААРАА ХАМТАРЧ ЗОХИОСОН БОТЬ НОМЫН ЭХЭНД ӨГҮҮЛЭХ НЬ


Дундговийн зохиолчдын бүтээлийг эмхэтгэн хэвлүүлж байгаа нь мэдээжийн хэрэг анхных биш. Харин ботилон хэвлүүлж байгаагийн хувьд анхных гэж болно байх аа. 1960-1991 оны хооронд С.Дашдооров, Б.Лувсандорж, Г.Төмөр, До.Цэнджав, П.Төмөрбаатар зэрэг үзэг нэгт нөхдийн маань эмхэтгэсэн "Талын дуу", "Дуундаа жаргасан нутаг", "Талаас эхтэй харгуй", "Уянгын дуутай нутаг" зэрэг олон ном, түүврийг аймагтаа хэвлүүлж, уншигчдынхаа оюуны санг баяжуулахад тус болох гэсэн санаа өвөрлөсөөр ирсэнийг тэмдэглэлтэй. Харин урьдын энэ сайхан уламжлал 1990-ээд оноос хойш тасалдсаныг зохиолч, уншигчдын аль аль нь сэм сэмхэн үгүйлдэг болсон юм билээ. Юу гэвэл, энэ хорь шахам жилд залгамж үеийн олон уран бүтээлчид уншигчидтай нүүр учирч, ахмад үеийнхний уран бүтээлийн сан хөмрөг зузаарсаар ирсэнийг харахгүй байхын аргагүй.

Тийм учир 2006 оны намар Улаанбаатар хотноо зохиогдсон Дундговь аймгийн урлаг, соёлын өдрүүдийн үеэр болсон зохиолчдын уулзалтаас нутгийн зохиолчдын бүтээлийг дээжлэн эмхэтгэх санал гарч, тэр саналыг аймгийн Засаг дарга Шоотонгийн Төрбат талархалтай хүлээн авч бүх талаар дэмжихээ илэрхийлсэн билээ.

"Амархан юм байна" гэхээргүй энэ ажилд бидний хэдэн хүн учир зүйг олохгүй чадан ядан ноцолдсоны эцэст шилж сонгож авсан бүтээлүүдээсээ 50 орчим хэвлэлийн хуудас зузаан номын эх бэлтгэж, техникийн элдэв хатуу ажлыг нутгийн зохиолч, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт Ц.Түмэнбаяртаа даатган байж, говь талаас нэгэн шинэ үеийн хөсгийн цуваа хөдөлгөхтэй болов.

Номын эх бэлтгэх явцад гарсан төвөг бэрхшээлтэй явдал, ажиглагдсан онцлогоос зарим нэгийг дурсвал, 1920, 1930-аад оноос эхлээд үе үеэр нь бүртгэж харахад Дундговь аймгаас утга зохиолын авъяастан олон төрсөн гэдэг нь ойлгомжтой. Дуучдаасаа ч олон гэж хэлье. Зөвхөн 1950, 60-аад онд С.Дашдооров, С.Цүлтэм, Н.Банзрагч, С.Цэдэв, Б.Сумъяа, С.Надмид, Х.Зандраабайдий, Д.Батцоож, Д.Нямаа, Д.Сэнэднасаа, Д.Батбаяр, Г.Төмөр, Б.Лувсандорж, С.Даваадорж нарын гуч орчим хүн утга зохиолын өргөөний хаалгаар орж ирсэн байх жишээтэй.

Манай аймагт амьдарч, ажиллаж байгаад уран бүтээлээ эхэлсэн, хожим нь нэрд гарсан зохиолчид болсон Ш.Гаадамба, Н.Банзрагч, С.Цүлтэм, Д.Миеэгомбо нарын цөөнгүй хүмүүс байна.

Эхний үед тэдний бүтээлийг энэ эмхэтгэлд оруулж явтал номын овор хэмжээ гүйцэгдэхгүй байдалтай болсон учир "гэрээ тойрон эргэлдэхээс" өөр аргагүй боллоо.

Бүх зохиолчдын гэрэл зургийг номд залах гэтэл олонхи нь зургаа ирүүлсэнгүй, зарим нэгний зураг олдохгүй, олдсон нэг нь өнөө үеийн хэвлэлийн шаардлага хангахгүй бас тэр хүний зураг мөн бишийг баталгаажуулах боломж хялбар олдохгүй байсан тул "батиар"-ын асуудлыг үндсэнд нь хойш нь тавихаар шийдээд байв. Гэвч дараа нь Засаг даргын санал болгосноор С.Буяннэмэхээс эхлээд утга зохиолын шагнал хүртсэн зохиолчдын гэрэл зургийг эхэнд нь байрлуулъя гэсэн саналыг хүлээж авахаар тогтоов. Судалгааны нэг өгүүлэлдээ Х.Зандраабайдийн тэмдэглэснээр С.Буяннэмэхээс эхлээд тус аймгийн 40 зохиолч Монголын Зохиолчдын Эвлэлд гишүүнээр бүртгэгдэж, тэдний 300 гаруй ном туурвил Монголын уран зохиолын сан хөмрөгт нэмэрлэгдсэн бололтой. Тэдний дунд "Ойрхи цагийн товч түүх", "Харанхуй засаг" маягийн анхны жүжиг, "Монгол интернационал", "Хувьсгалт залуучуудын дуу" гэх зэрэг анхны дуу /С.Буяннэмэх/-наас эхлээд амьдралын

уран нарийн шаглаасаар бүтсэн Товийн өндөр" роман, "Өндөр ээж" тууж, "Нар хиртсэн жил" кино зохиол /С.Дашдооров/, нэг үеийн говийн амьдралын уран тод бичлэг болсон "Хар нүдэн" роман /С.Надмид/, сэтгэл шинжлэлийн "Цахилж яваа гөрөөс" маягийн тууж өгүуллэг /Д.Батбаяр/ уран бүтээлийн хөрөг дурсамжийн "Заяа дутсан бурхад" шиг ном /Х.Зандраабайдий/, Товь хангайд" шиг сайхан хэл найруулгатай тэмдэглэл / Б.Чойндон/ зэрэг нийтээр мэдэх олон бүтээл туурвил багтсан буй заа хэмээн ойлгоё.

Утга зохиолын "Болор цом", "Утгын чимэг" наадмын алтан жолоог Д.Төрбат, Ц.Чимэддорж, Б.Доржпалам, До.Цэнджав, Ц.Түмэнбаяр, Ж.Сарантуяа нарын зэрэг залуу нөхөд маань удаа дараа өргүүлж, А.Лхагва, П.Нямлхагва, О.Нандинцэцэг, Н.Баянмөнх, Т.Зөнбилэг зэрэг залуучууд уран бүтээлийн уралдаан тэмцээнд олонтаа өнгөлж явааг нь дээрх бүлэгт хамааруулан тоолох ёстой гэж үзнэ.

Түүгээр ч барахгүй өнгөрсөн цагийн бичгийн мэргэдээ эргэн санагалзах шаардлага энд бас гарлаа. Юу гэвэл, Дундговь аймгийн нутаг дээр бараа сүр нь байнга хэлцэгддэг Дэлгэрхангай уул, Их, Бага газрын чулуу, Төгрөг хайрханыг санах зуур их номч Зава Дамдин гавж, ловон хувилгаан Агваанданзанням, бари лам Дамцагдорж, гэвш лам Иштавхай, равжамба Данзан-Одсэр, ардын цэцэн билэгт ерөөлч Гэлэгбалсан нарын уе дамжсан бүтээлийг дурсахгүй байхын учиргүй. Үүгээр манай утга зохиолын түүхийн буухиа нүд хүрэхгүй олон жилуүдийг гатлан урагшаа улам улам холдож байгаа юм. Тийм учир энэ номыг зохиогчдын цагийн харъяалал нэгэн зуунаар хязгаарлагдахгүй болов.

Бичгийн мэргэдийн тухайд түүхийн нар, сар дандаа өршөөлтэй байгаагүй нь цадиг туүхээс бидэнд тодорхой.

Өнгөрсөн зууны 20, 30-аад онд Монголын толгой сэхээтнүүд болжявсныхувьдС.Буяннэмэх, Ц.Өлзий-Очир.Ч.Раднаабазар, Ө.Чимид, Б.Чойндон, Б.Банзрагч нарын зэрэг үзэг нэгт нөхөд

маань цагийн хөлд дайруулж, ямар хэцүү гайд өртсөнийг дурсахгүй яаж байх вэ.

Монголын зохиолчдын байгууллагын 80 жилийн түүхийг эргэн харж байгаа энэ үед түүний анхны голомтыг бадрааж, утга зохиолын анхны хэвлэл "Уран үгсийн чуулган" цоморлиг хэвлүүлж, нам, эвлэлийн сонин сэтгүүлүүдийн анхны дугааруудыг эрхлэн гаргаж явсан их соён гийгүүлэгч С.Буяннэмэхийн тухай тодосгон хэлэхгүй байж яахин болох вэ.

Анх байгуулагдсан үеэс нь өнөөдрийг хүртэл Монголын зохиолчдын эвлэлийг Ц.Дамдинсүрэн, Ш.Нацагдорж, Д.Сэнгээ, С.Удвал, Л.Түдэв, Д.Цэдэв, Ц.Энхбат нарын 17 хүн удирдаж ирсэний дотор 1929, 1934-1935 онд С.Буяннэмэх, 1938-1942 онд Т.Дэчингунгаа, 1993-1997 онд Д.Нямаа зэрэг Дундговийн зохиолчид багтжээ.

Харин говь чигээс Монголын Зохиолчдын Эвлэлд хамгийн олон жил алба үүрэг гүйцэтгэсэн эрхэм гэвэл Дэлгэрхангай сумын харъяат Сормууниршийн Дашдооров байсныг энд бас хэлэлтэй.

Тэрбээр 1950-иад оноос "Утга зохиол" сонины тусгай сурвалжлагч, Өмнөговь, Дундговь аймаг хариуцсан зохиолч, МЗЭ-ийн хорооны зөвлөлийн эрхлэгч, "Цог" сэтгүүлийн нарийн бичгийн дарга, түүгээр ч барахгүй 1970-аад онд МЗЭ-ийн хорооны нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллаж байсан юм.

Ийм байдлаар Монголын зохиолчдын байгууллагыгудирдах ажилд манай нутгийн зохиолчид хувь нэмрээ оруулж ирсэн түүхтэй юм байна. Зохиолчдын бүтээлийг үе үеэр нь, эсвэл цагаан толгойн дэс дарааллаар байрлуулъя гэж товлоод байснаа аймгийн удирдлагын саналыг харгалзан шагналтан, МЗЭ-ийн гишүүн, залгамж үе гэсэн дарааллаар уг номын бүтцийгтогтоож, гурван ботид хуваан байрлуулав. Мөн зохиолч биш ч алдар цуутай уран бүтээлч, сэтгүүлч, орчуулагч, багш зэрэг зарим хүний бүтээлийг энэ номдоо оруулсан болно.

Түух сөхөж үзвэл, 1935 оны есдүгээр сарын 25-ны өдөр Улсын бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлын тогтоолоор С.Буяннэмэхэд "Улсын алдарт гавъяат зохиолч" цол олгосон байна.

Энэ нь утга зохиолын түүхэнд орчин үеийн зохиолчдоос хамгийн түрүүн хүртээсэн алдар цол байжээ.

2008 онд гаргасан судалгааны дүнгээс үзвэл манай аймгаас төрсөн зохиолчдын дунд Ардын уран зохиолч 1 , гавъяат цолтон 5, төрийн шагналтан 4, Д.Нацагдоржийн шагналтан 3, МҮЭ, МХЗЭ-ийн шагналтан 5, С.Буяннэмэхийн шагналтан 6, МЗЭ-ийн шагналтан 10 гаруй болоод байна.

Энэ нь утга зохиолын бүтээлийг үнэлсэний шалгуур узүулэлтийн нэг гэж ойл говол , Дундговийн зохиолчид Монголын их утга зохиолын сан хөмрөгийг баяжуулахад тодорхой хувь нэмэр оруулжээ гэж дугнэхээр байгааг бултаараа хамтарч зохиосон боть номын тэргүүн хуудсанд тэмдэглэхэд урамтай байна.

Энэхуү гурван боть МЗЭ-ийн 80 жилийн ойн босгон дээр бүрдэл болж, эхний хэвлэл нь Дундговьд бамбар асааж байгаа Говийн бүсийн яруу найргийн наадмын өдрүүдээр олны хүртээл болж байгаад эмхэтгэгч редакторын хувьд илүүтэй баярлах болно.

Номын цагаан гэгээ мандах болтугай!

Монгол улсын төрийн шагналт яруу найрагч

Д.НЯМАА 2008.08.08

No comments:

Post a Comment