Search This Blog

Friday, July 22, 2011

АЙРАГ НАЙРАГТ ХӨЛЧҮҮРСЭН "УЯХАН ЗАМБУУТИВ"

/Сурвалжлага/

Зава Дамдин, Агваанданзанням, Дамцагдорж, Иштавхай, Гэлэгбалсан хэмээх эртний бичгийн мэргэдээсээ эхлээд орчин үеийн уран зохиолыг үндэслэгч Сономбалжирийн Буяннэмэх, Ардын уран зохиолч Сормууниршийн Дашдооров гээд үгийн уран, үзгийн хурцаар ард түмнийхээ оюуны мэлмийг нээж, сэтгэлийн баясгаланг бүтээгчдийн өлгий болсон Дундговь аймгийн төв Мандалговь хотод 2008 оны 9 дүгээр сарын 19-нд найргийн хур буусан юм. Энэ жил ойрын онуудад тохиогоогүй хурмастын хур бууж, говийн ангасан тал дэвтэн, хүн малын зоо тэнийж, агь таана ханхлан, айраг цагаа элбэг дэлбэг сайхан зун, намар болжээ. Сүүлийн жилүүдэд говь руу явахад нүднии гэм шиг ганц нэгхэн үзэгддэг асан ширээ бөхтэй тэмээд хээвнэг идэшлэн, жаргах нарны туяанд уул, овоо шиг үзэгдэн, цагаан зээр машины урдуур чавхны чулуу шиг өнгөрч байлаа.

С.Буяннэмэх, Д.Нацагдорж нарын үндэслэн байгуулсан Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойг угтсан олон үйл ажиллагаа орон даяар явагдаж байгаагийн нэг нь Монголын зохиолчдын эвлэлээс орон нутгийнхантай хамтран зохион байгуулж байгаа таван бүсийн яруу найргийн наадам билээ. Говийн бүсийн яруу найргийн наадмыг зохион байгуулахаар төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, Д.Төрбат, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Түмэнбаяр, МЗЭ-ийн шагналт зохиолч, МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Батжаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, Ж.Сарантуяа, яруу найрагч Т.Зөнбилэг, МҮОНТ, "Соёмбо" телевизийн сурвалжлах хэсгийнхэн биднийг очиход Говийн бүсийн яруу найргийн "Уяхан замбуутив" наадамд оролцохоор Өмнөговь, Дорноговь, Говьсүмбэр, Дундговь аймгийн 37 яруу найрагч "хурдан хүлгүүд"-ээ сойсон байлаа.

Наадмыг Монголын зохиолчдын Эвлэл, Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулсан юм. Наадмын өмнө аймгийн Засаг даргын тамгын газрынхан, яруу найрагчид алдарт гавъяат уран зохиолч С.Буяннэмэхийн хөшөөнд цэцэг өргөж, аймгийн орон нутгийг судлах музейг үзэж сонирхлоо. Мөн Дундговь аймгийн зохиолчдын их ойдоо өргөн барьсан Товь талын эгшиглэн" гурван боть, нийт 50 орчим хэвлэлийн хуудас номын хурим аймгийн Хөгжимт драмын театрт болсон нь "Уяхан замбуутив" наадмыг улам утга учиртай болгосон билээ. Номын хуримд аймгийн хөгжимт драмын театрын дуучин МУГЖ Ж.Дүнжмаа уртын сайхан дуугаар мялаалга өргөсөн юм. Номын хурим, яруу найргийн наадмыг, тус номыг ивээн тэтгэж, эрхлэн хэвлүүлэгч Дундговь аймгийн засаг дарга Ш.Төрбат нээж, номын ерөнхий редактор, Төрийн шагналт яруу найрагч Д.Нямаа, төрийн шагналт яруу найрагч Ä.Òºðáат, ацагдоржийн шагналт зохиолч Ц.Түмэнбаяр, яруу найрагч Т.Зөнбилэг нар оролцож, номын мялаалга болгон шүлэг найргийнхаа дээжээс уншлаа. Номонд Дундговь нутгаас төрсөн 100 гаруй уран бүтээлчийн шүлэг, өгүүллэг, судлал, тэмдэглэл, дурсамж, ярилцлага, Дундговиос төрж гарсан зохиолчдын болон говь талын байгалийн үзэсгэлэнт газруудын гэрэл зураг орсон юм. Мөн энэ үеэр аймгийн номын санд "Орчин үеийн уран зохиолын уламжлал, шинэчлэл" сэдэвт чөлөөт ярилцлага болж, говийн бүсийн яруу найрагчид өнөөгийн утга зохиолын чиг хандлагын талаар санал бодлоо солилцож, Зава Дамдин гавжийн босоо гантиг хөшөөн дээр шүлэг уншиж, онгодоо хөглөцгөөсөн билээ.

Биднийг очихын өмнөхөн аймгийн төвд театрын өдрүүд болж өнгөрсөн бөгөөд ахмад уран сайханчдын бага наадам зохион байгуулагдаж, мөн удахгүй нүүдэлчний сэдэвт баримтат киноны нээлт болох тухай ярилцаж байхад аргагүй л урлаг соёл, дуу хуур, яруу найргийн өлгий болсон нутаг юм даа хэмээн бодогдож байлаа. Тэгээд ч ийм олон баяр наадам болог гэсэн шиг дэлхий дэлэгнэсэн дэлгэр сайхан намар болж ёстой л "цэлгэр говь минь нараа дэрлээд цэнхэр хадаг шиг намиатан" байлаа. Найргийн наадмын дараа Дундговь аймгийн Сүм хөх бүрд, Их, Бага газрын чулуу, Цагаан суварга зэрэг үзэсгэлэнт газруудаар тойрон аялж онгодоо хөглөх тухай ч зарим аймгиин зохиолчид ярьж байлаа.

Яруу найргийн наадамд зөвхөн говь нутагтаа ажиллаж амьдарч байгаа яруу найрагчид оролцож, гурван шаттай явагдан, нийт 60 гаруй шүлэг уншсан бөгөөд эцсийн шатанд таван яруу найрагч тунаж үлдсэн юм. Наадамд Дундговь аймгийн яруу найрагч Г.Бадам тэргүүлж өргөмжлөл, 300 мянган төгрөг, "Болор цом-2008"-д шүлгээ унших эрх, Дорноговь аймгийн яруу найрагч МЗЭ-ийн шагналт Л .Эрдэнэбат дэд байрт шалгарч өргөмжлөл, 200 мянган төгрөг, залуу яруу найрагч Б.Лхагвадорж гутгаар байр эзэлж өргөмжлөл 100 мянган төгрөгөөр шагнууллаа. Шагналт байранд Өмнөговь аймгийн залуу яруу найрагч Х.Мядагмаа, Дундговь аймгийн залуу яруу найрагч Т.Саранчимэг нар шалгарсан юм. Тус наадмыг МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, МЗЭ-ийн шагналт Д.Батжаргал, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Баттөмөр, Ж.Сарантуяа нар шүүн тунгаалаа.

Олон сарын өмнөөс догдлон хүлээж, олон зуун км газрыг туулсан, дөрвөн говийн яруу найрагчдын шүлгийг сонсоход эх орон, эцэг, эх, хайр дурлал, хөдөө нутаг, малчны амьдрал, öàã үеийн эмзэглэлийн сэдэв юнхилсон байлаа.

Өмнөговь аймгийн яруу чайрагч МЗЭ-ийн шагналт Б.Баттулга, Дорноговь аймгийн яруу найрагч, МЗЭ-ийн шагналт Х.Цэрэндорж, Дундговь аймгийн залуу яруу найрагч Н.Мөнхсаруул, О.Элбэгтөгс нарын зэрэг олон лруу найрагчийн шүлгийг үзэгчид халуун алга ташилтаар талархан хүлээж авсан билээ. Наадмыг зохион байгуулахад чин сэтгэл, хүч хөдөлмөрөөрөө оролцож, ивээн тэтгэсэн Дундговь аймгийн Засаг даргын тамгын газрын хамт олонд МЗЭ, говийн яруу найрагчид, үзэг нэгт нөхөд минь талархлаа илэрхийлснийг тэмдэглэн үлдээхийг хүссэн юм. Аймгийн засаг дарга тус наадмыг уламжлан болгон тодорхой хугацаанд зохион байгуулахад ямагт дэмжинэ гэдгээ илэрхийлэхэд говийн бүсийн яруу найрагчид баярлан хүлээж авсаныг тэмдэглэн үлдээхийг хүслээ.

Ийнхүү наран тунамал Мандалговийн төвд айраг, найрагт хөлчүүрсэн "Уяхан замбуутив" өндөрлөлөө.

Номын гуравдугаар ботийг бэлтгэх явцад 2008 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр Дундговь аймгийн зохиолч Д.Батбаяр, С.Зэвсэг нар Монгол улсын Соёлын гавъяат зүтгэлтэн цол хүртсэн нь ном бүтэхтэй давхацсан билэг дэмбэрэлтэй үйл явдал боллоо.

No comments:

Post a Comment